Хүрэх зам-2025: Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа

TFA MONGOLIA
14 min readSep 3, 2021

-Бид хаана байна, бид юуг хийв, одоо юу хийх ёстой вэ-

Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагын ( ДХБ) Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт 56,3% гүйцэтгэлтэйгээр 2021 оны гуравдугаар улиралтай золгож байна. Уг хэлэлцээр нь ДХБ-н бүх гишүүн орны хил гаалийн үйл ажиллагааг хялбаршуулах, худалдааны ил тод байдлыг хангах, дамжин өнгөрөх барааг хилээр түргэн, саадгүй нэвтрүүлэх, үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардал, цаг хугацааг багасгах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхи бэхжүүлэх чухал ач холбогдолтой.

Монгол Улс эл хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж дуусах туйлын хариуцлагатай үеийг эхэлж байна. Ирэх дөрвөн жилд манай улс дэлхийн бусад орны жишгээр ДХБ-д амалсан үүрэг амлалтаа амжилттай биелүүлэхийн тулд хөгжлийн зарим салбартаа зайлшгүй өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатайг талууд зөвлөдөг.

ДХБ-н үзэж байгаагаар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь дэлхийн хэмжээнд бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг худалдааны өртгийн 10 хувиас 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үздэг. Худалдааг хөнгөвчлөх олон талт дүрэм, журмыг нутагшуулах замаар худалдааны зардлаа доод тал нь 16,4 хувиар бууруулж чадна гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD) тооцсон байна.

Худалдааны өртөг зардал буурснаар улсын гадаад худалдаа эрхлэгчдийн эргэлт тэлж, тэр чинээгээр салбарын бизнес харилцаа эрчимжиж, дамжин өнгөрөх ачаа барааны саад багасч, ажлын байр шинээр бий болно.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үе шаттай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс бусад орны адил “Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо”-г эмхэлж үйл ажиллагаа явуулж ирлээ.

Уг хороонд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөлөөс бүрдсэн 19 байгууллага багтдаг.

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа ТРАМ төслийн хүрээнд “ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-Монголд” медиэ нөлөөллийн 2-р хэсэгтээ бид бие даасан, зорилтот хэлэлцүүлэг зохион явуулав. /07 . 07. 2021. 10:00–13:00 /

Сэтгүүлзүйн олон улсын шагналт, медиэ эксперт Дэмчигийн Оюунчимэг тус хэлэлцүүлгийг зохион байгуулж, модератораар ажиллав.

Сэдэв:

“Хүрэх зам-2025: Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа

-Бид хаана байна, бид юуг хийв, одоо юу хийх ёстой вэ-

Энд дарж, зорилтот хэлэлцүүлгийн бүрэн эх, бусад панелистын видео клип үзнэ үү.

Худалдааг хөнгөвчлөх гол шийдэл - Харилцан мэдээллээ уялдуулах

Бусад орны туршлагаас харахад, ерөөсөө л нэг нэгнээ харилцан хүлээн зөвшөөрдөг. Манайх шиг ар араасаа орж шалгадаггүй. Энэ ямар үр ашигтай вэ гэхээр, давхцсан их мэдээллийг анхны эхлэлийн цэгээс ямар ч “ оёдол зүүдэлгүй ” бэлтгэснээр эргээд худалдааг хөнгөвчлөх боломж бүрддэг. Иймээс Худалдааг хөнгөвчлөх хамгийн гол шийдэл бол талууд харилцан мэдээллээ уялдуулах юм гэж ГЕГ, Гаалийн улсын ахлах байцаагч судлаач Д. Цэндсүрэн дүн шинжлэв.

Монгол Улсын нэг эрсдэл нь, ярьдаг л зүйл нь яамтай болох. Яамтай байхдаа ч худалдааг хөнгөвчлөөгүй. Яагаад?

“ДХБ-н Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа” зорилтот хэлэлцүүлэгт оролцохдоо доктор Д. Цэндсүрэнгийн дэвшүүлсэн алсын хараа, Үндэсний хорооны гишүүдэд өгсөн зөвлөмжийг та дараах видео клипээс үзнэ үү.

Худалдааг хөнгөвчлөх алсын хараа — Цаасгүй худалдаа

Гадаад худалдааг хөнгөвчлөх алсын хараа бол цаасгүй худалдаа, цахим шилжилт.

2020 оны 12 сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газартай хамтран Дэлхийн Банк Группийн дэмжлэгээр “Гадаад Худалдааны Мэдээллийн Нэгдсэн Сан” буюу “Trade Portal” -г ашиглалтад оруулсан байгаа. Энэхүү цахим сан нь үндэсний хэмжээнд “цахим нэг цонх” үйлчилгээг нэвтрүүлэх үндэс суурь нь юм гэж ГХЯ-ы гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г. Өлзийсайхан “Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа” хэлэлцүүлэгт оролцохдоо онцоллоо.

Тэрээр, энэхүү цахим мэдээллийн нэгдсэн санг “ e-Mongolia” талбарт байршуулья. Тэгээд худалдаа хөнгөвчлөх Үндэсний хорооны бүх гишүүн байгууллага тасралтгүй, тогтвортой, уялдаатай ажиллах тодорхой саналыг дэвшүүлэв.

Гадаад худалдааг хэрхэн хөнгөвчлөх талаар Г. Өлзийсайхан дэд захирлын дэвшүүлсэн бусад санаа шийдэл, алсын харааг дараах видео клипээс хүлээн авна уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Нэг цонхны систем

Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны гишүүн байгууллагын хувьд “Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа” вэбинарт экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга Т. Төмөрбаатар панелистээр оролцов.

Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтэд МХЕГ оруулж байгаа хувь нэмэр, санал санаачлага, мөрдөж буй бодлого зарчмын талаар панелист байр сууриа илэрхийлэв.

Цар тахлын дараах гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээний алсын хараа цахимжилт дагуулахаас гадна цахим аюулгүй байдлыг хангах, олон улсын стандарт чанарын баталгаатай барааг дотооддоо дахин шалгахгүй байх, төрийн давхардсан хяналт арилгах, гадаад худалдааг хязгаарлахгүй байх арга хэмжээг аль болох уялдуулах, ил тод, шударга байдлыг хангах, экспортлогч, үйлдвэрлэгчдийн хариуцлагыг өсгөх, мэдлэг мэдээлэлжүүлэх, эрсдлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх гээд тодорхой санаа шийдэл дэвшүүллээ.

ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн A,B,C гурван категорийн нийт 10 заалтын хэрэгжилтийг хангах, нэг цонхны систем, хилийн хяналтын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ачилтын өмнөх хяналт шалгалт, цахим хэлбрээр мэдээлэл солилцох, хил дээрх хяналтын гүн рүү шилжүүлэх боломж нээх зэрэг үүрэг оролцоог Үндэсний хорооны гишүүний хувьд МХЕГ ханган ажиллаж байгаа талаар ч тэр мэдээлэл хуваалцав.

Хэлэлцээрийг тасралтгүй бүрэн хэрэгжүүлэхийн тулд МХЕГ-с Үндэсний хороонд өгч байгаа бодлогын зөвлөмжийг та дараах видео клипээс сонирхоно уу.

Худалдааг хөнгөвчлөх - Стандартчилах

Монгол Улсад 6600 орчим стандарт байна.

Үүнээс 40 орчим хувь нь олон улс, бүс нутгаас нутагшуулсан.

Гадаад худалдааг стандартчилах, уялдуулах, хөнгөвчлөх зорилгоор дэлхийн 154 улс, далайд гарцгүй хөгжиж байгаа 22 орон дэлхийн худалдааны байгууллагын “ Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт ” нэгдэж орсон.

Стандарт, хэмжил зүйн газар нь олон улсын худалдаанд стандарт хэмжил зүйн чиглэлийг дэмжиж, ялангуяа импорт, экспортод тавигдах чанар, стандартын хяналт, шаардлагыг хангаж, тухайн улсын үндэсний стандартад уялдуулж, тарифын бус саад тотгорыг арилгах үүргийг гүйцэтгэдэг онцгой байр суурьтай байгууллага юм.

Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны гишүүний хувьд, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусахад ямар үүрэг оролцоотой бэ?

  • Хэлэлцээрийн 1, 2, 5, 6, 8, 10 дугаар зүйлийн хэрэгжилт хангах
  • Чанар стандартын хяналтыг олон улсын хэмжээнд уялдуулах
  • Хил дамнасан худалдааг хөнгөвчлөх зорилгоор давхардсан хяналтыг арилгахын тулд бусад төрийн байгууллагатай нягт уялдах
  • Мэдлэг, мэдээ, мэдээлэл солилцох
  • Хөрш болон бусад түнш орны ижил чиг үүргийн байгууллагатай тохиролцож, өөр өөрсдийн стандартыг хүлээн зөвшөөрөх боломж эдлэх
  • Хууль сахилт өндөр хариуцагчийн эрсдлийг хамтран тооцох
  • Эрсдлийн удирдлага нэвтрүүлэх гэх зэрэг гол чиг үүрэгтэй.

Европын Холбооны дэмжлэгтэй ТРАМ төслөөс санаачилсан “ Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа ” зорилтот вэбинарт Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б. Билгүүн панелистаар оролцов.

Тэрээр, Монгол Улсын гадаад худалдааг тэлэх, нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжих замаар ЖДҮ-н бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нэвтрүүлэх чанар стандартыг дэмжих, эдийн засгийн төрөлжүүлэх зорилготой ТРАМ төсөлтэй ажилласан үр дүн, хүчин чармайлтын талаар цохон тэмдэглэв.

Үндэсний хорооны гишүүд, экспортлогч, үндэсний баялаг бүтээгчдэд зориулсан Б. Билгүүн даргын бодлогын зөвлөмжийг та видео клипээс хүлээн авна уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх-Ил тод, тогтвортой бодлого

Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний уялдаа, ил тод, тогтвортой, залгамж байдал, институцийн чадамж, эрсдлийн удирдлагын нэгдсэн менежмент салбар бүрт аль хэр буйг сорьж, илрүүлсэн нэг кэйс бол яах аргагүй Замын Үүд, Тяньжин дах чингэлгийн түгжрэл байлаа.

Үндэсний Хөгжлийн Газрын дэд дарга, Б. Булганчимэг, Гадаад худалдааг хөнгөвчлөх тухай асуудлыг улсын хөрөнгө оруулалттай уяж ярих юм бол бидэнд одоо хир нь хөрөнгө оруулалтын бодлого байхгүй, тээвэр логистикийн салбараа тоохгүй олон жил орхисноос асуудал хаа хаанаа маш их даамжирсан, институци хаа хаанаа бэлэн биш, чадамж сул ийм байгаа нөхцөлд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг бид цогцоор нь, системээр нь харах алсын хараа туйлын чухал хэмээв.

ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн үр өгөөжийг цаасан дээрх 56,3% гэдгээр дүгнэхээс илүүтэй яг салбар бүрт хэр зэрэг ахиц дэвшил авч ирэв гэдгээр талууд дүн шинжилж, харьцуулсан анализ хийж, бодитоор үнэлж дүгнэх ёстой. Энэ бол Үндэсний Хөгжлийн Газрын байр суурь хэмээн онцолсон юм.

Үндэсний Хөгжлийн Газрыг төлөөлж зорилтот хэлэлцүүлэгт оролцсон Б. Булганчимэг дэд даргын дэвшүүлсэн санаа, бодлогын зөвлөмжийг дараах видео клипээс үзнэ үү.

Гадаад худалдааг хөнгөвчлөх-Технологийн шийдэл

Гадаад худалдааг хөнгөвчлөх нэг чухал хурдасгуур бол мэдээлэл технологийн дэвшил.

2025 он хүртэл ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үр ашигтай, бүрэн хэрэгжүүлэхэд дижиталчлал, мэдээллийн технологийн дэд бүтэц, харилцаа холбооны сүлжээ түргэн нэвтэрснээр төрийн байгууллагуудын хүнд суртал багасч, уялдаа холбоо сайжирч, нэг цонхны үйлчилгээнд шилжих, хил гаалиар нэвтрэх болон хил дамнасан худалдааны өртөг буурах, цаг хугацааг хэмнэх гээд олон талын ач холбогдолтой.

E-Mongolia цахим системийг нэвтрүүлээд жил гаруйн хугацаанд 50 гаруй байгууллагын 530 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулаад байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ( 2020 оны 90-р тогтоол) төрийн бүх үйлчилгээ, үйл ажиллагаа цахимжих ёстойг албажуулсан. Мөн тун удахгүй хууль эрх зүйн орчин ч бэлэн болох учраас төрийн байгууллагуудын уялдаа аяндаа сайжирна. Хамгийн гол нь төрийн байгууллагууд дижитал, цахим орчинд ажиллаж сурах шинэ соёл л хэрэгтэй гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Б. Бадамсүрэн зөвлөж байна.

ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд Б. Бадамсүрэн худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны гишүүдэд өгсөн зөвлөмжийг хүлээн авна уу.

Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны гишүүний хувьд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ямар үүрэг оролцоотой вэ?

  • Гадаад худалдаанд оролцогч төрийн байгууллага хооронд мэдээллийг цахимаар солилцох, түүний аюулгүй байдал,бүрэн бүтэн байдлыг хангах
  • Цахимаар харилцан холбогдох чадварыг дэмжих
  • Мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх
  • Үйл ажиллагаагаа уялдуулах

Гадаад худалдааг хөнгөвчлөх-Бизнесийн үр ашиг

Монгол Улс ДХБ-д 2025 он гэхэд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж дуусах үүрэг амлалт өгсөн байгаа.

Монгол Улсын Засгийн газрын худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо эл хэлэлцээрийг илүү үр ашигтай бүрэн хэрэгжүүлэхийн тулд тасралтгүй, байнгын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.

Хорооны гишүүдэд зориулсан цахим хэлэлцүүлэгт Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга О. Цолмон оролцож, худалдааг хөнгөвчлөх чиглэлд үндсэн 3 санаа шийдэл дэвшүүлэв.

  1. Гадаад худалдааг хөнгөвчлөх талаар ярихад хамгийн түрүүнд бид худалдааны өртөг зардал бууруулах тухай их ярьдаг. Яах аргагүй чухал. Гэхдээ гадаад худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үр ашгийг хэрхэн дээшлүүлэх тухай бас ярих нь чухал. Одоо мөрдөж байгаа гаалийн хууль эрхзүйн орчин, олон улсын ижил төстэй баримт бичгүүдэд гаалийн бүрдүүлэлтийн горим гэж бий. Энэ горимын хэрэгжилтийг төр, хувийн хэвшил,мэргэжлийн холбоод, Үндэсний хороо цөмөөрөө уялдаа холбоотой ил тод, хариуцлагатай хэрэгжүүлж байж гэмээнэ бидний өнөөдөр яриад байгаа гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ үр дүнтэй болох нэг үндэс болно. Өөрөөр хэлбэл, худалдаа эрхлэгчдийн ашиг орлого өснө. Хил гаалиар нэвтрэх саад чирэгдэл багасна. Цаг хугацаа ч хэмнэнэ.
  2. Гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд худалдаа эрхлэгчдийн худалдаанд зориулсан техникийн тусламж үзүүлж чадавхижуулах тухай хэлэлцээрт тусгасан байгаа. Иймд оролцогч талуудад мэргэжлийн байгууллагуудын тусламж үйлчилгээг үе шаттай, тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй санагддаг. Энэ нь тэдний бизнест үр өгөөжөө өгнө. Энэ тал дээр манай мэргэжлийн холбоонд асар их нөөц боломж байна. Энэ капитал хэлэлцээрийн хэрэгжилтэнд ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаараасай. Үндэсний хорооны гишүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа улс оронд үзүүлж байгаа техникийн тусламж үйлчилгээг аль болох ав адил, эрх тэгш зарчмаар хүртээх гэсэн санал дэвшүүлж байна.
  3. Мэдээлэлийн ил тод, хүртээмжтэй байдал. Төрөөс гарч байгаа болон шинэчилж байгаа хууль, тогтоол, журам талаар талуудад тэнцвэртэй мэдээлэх, түүнээс гадна, худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой бүхий л бодлого, баримт бичиг, мэдээллийг шуурхай, харилцан ижил түвшинд авах боломж хангах.

Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга О. Цолмоны дэвшүүлсэн шийдэл санааг дараах видео клипээс сонсоно уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Дамжин өнгөрөх эрх чөлөө

Г. Оргил (МТЗНХ): Тяньжины чингэлэгийн бөөгнөрөл Монгол Улс үндсэндээ далайн нэг компаниас хараат, хамааралтай болсон байна гэдгийг улсаараа мэдэрлээ. Ухаарлаа.

ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 11-р зүйлд “Дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө”-г тус хэлэлцээрт нэгдсэн улс орнууд бүрэн эдлэх ёстойг хуульчилж өгсөн. Тэр тусмаа, далайд гарцгүй, дэлхийн эдийн засгийн 2 том гүрний дунд орших манай улс 11-р заалтыг санаачилсан орны нэг. Тэгвэл Монгол Улс хөрш хоёр орны хувьд дамжин өнгөрөх эрх чөлөөг бүрэн эдэлж байна уу?

Г. Оргил (МТЗНХ): Монгол Улс зөвхөн экспорт импортын тээвэр зохион байгуулаад зогсохгүй алсдаа “ ТРАНЗИТ ОРОН” болох боломжтой.

Үүний тулд дэд бүтцээ хэрхэн шийдэх, нэгдсэн дэвшилтэт шинэ платформууд нэвтрүүлж, гадаад харилцаагаар дамжуулан логистикийн салбарт оновчтой шинэчлэл хийх боломж, арга зам техникийн хувьд байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар нэн даруй нэгдсэн терминалын асуудлыг шийдвэрлэх ёстой. 2020 оны УИХ-н 152 тогтоол гарч, 2050 тогтвортой хөгжлийн бодлогын бичиг баримтад ч тусгагдсан. Логистикийн дэд бүцтийн асуудалд Засгийн газар, улс төрийн бодлого нэгдмэл, тогтвортой байх нь хамгийн чухал гэдгийг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны ТУЗ дарга Г. Оргил цахим хэлэлцүүлэгт оролцохдоо онцлов.

ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдол

ДХБ -н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн гол зорилго нь олон улсын худалдааг стандартчилах, уялдуулах, хялбаршуулах.

Эл хэлэлцээрт нэгдсэн далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд ямар үр ашиг хүртэх вэ?

ДГХБО-н ОУСТөвөөс 2014 онд хийсэн судалгаа болон ДГХБО-д зориулсан олон улсын дээд хэмжээний бага хурлын үр дүнд, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь Монгол Улсад чухал ач холбогдолтой бөгөөд ашигтай гэж дүгнэсэн.

Далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны 22 улс нь одоогоор ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдсэн. Харин дэлхийн худалдааны байгууллагын 154 улс эл хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа.

Хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын хилийн боомтын хатуу дэд бүтэц, хилийн хяналтын хийгээд олон улсын худалдаанд хяналт тавих төрийн байгууллагын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсэн мэдээллийн технологийн програм хангамжийн дэд бүтэц дутмаг, дамжин өнгөрөх тээврийн өртөг их, аж үйлдвэрийн хөгжил тааруу зэргээс улбаалан худалдааны зардал өндөр байдгийг олон судалгааны ажил нотолдог.

Тэгвэл далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хэлэлцээрт нэгдсэнээр худалдааны өртөг зардал нь буурах уу?

  • Худалдааны нийт зардал 13–15,5% буурна
  • Экспорт 13,8- 22,3% хүртэл нэмэгдэх боломжтой
  • Хилийн бүсийн худалдаа 60–80% өснө
  • Гаалийн үйлчилгээ түргэн шуурхай болно
  • Техникийн туслалцаа үзүүлж чадавхижуулна
  • Эдийн засгийг төрөлжүүлнэ
  • Өрсөлдөх чадвар өснө
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт татна
  • Ажлын байр шинээр бий болно
  • Засгийн газрын төсвийн орлого бүрдүүлэлт өснө
  • Хэрэглэгч хямд, аюулгүй, чанартай бүтээгдхүүн хэрэглэнэ
  • ЖДҮ эрхлэгчдийн бизнес тэлж, дэлхийн зах зээлд гарах гэх зэрэг үр ашиг улс орнууд хүртэх юм.

ДГХБО-н ОУСТ-н Үйл ажиллагаа хариуцсан захирал Д. Дөлгөөний худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороны гишүүдэд өгсөн бодлогын зөвлөмж, алсын харааг та сонсоно уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Хамтын ажиллагаа

Гадаад худалдааг хөнгөвчлөх ирээдүйн чиг хандлага бол дижиталчлал, техник технологийн дэвшил, талуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо юм.

Үндэсний Хөгжлийн Газрын ( ҮХГ) мэргэжилтэн Б. Төгөлдөр, хөрөнгө оруулагч нарт үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх нь эргээд гадаад худалдааг хялбаршуулахад их дөхөм болно. Энэ чиглэлд ҮХГ-н хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын газраас ойрын хугацаанд хийж байгаа зарим ажлын талаар зорилтот вэбинарт оролцохдоо мэдээлэв.

Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны гишүүдэд зориулсан “Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа” диалогид мэргэжилтэн Б. Төгөлдөрийн хэлсэн товч мэдээллийг та дараах видео клипээс үзнэ үү.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө

Монголын тээвэр, логистик хөгжил гадны нөлөө, гадны байгууллагаас 100% хараат явж ирсэн. Энэ байдал ковидын үед сая илэрч гарч ирлээ.

Хилийн боомт, дотооддоо ачаагаа хүлээн авах хүчин чадал, хууль эрх зүйн зохицуулалтын хувьд хаа хаанаа бид бэлэн биш, хүчин мөхөстөв. Энэ тухай “Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа” вэбинарын хүндэт панелистүүд бүгд өөр өөрсдийн дүн шинжилгээ, байр сууриа хуваалцаж, алсын хараа дэвшүүлсэн.

ДХБ- н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт хангаж манай улс дотооддоо тун хүчин чармайлтай ажиллаж ирсэн. Харин Дэлхийн худалдааны байгууллагад өгсөн амлалт, далайд гарцгүй 33 улс орны хамтын ажиллагааны хүрээнд дамжин өнгөрөх ачаа тээврийн эдлэх эрх, ологдсон боломжоо Монгол Улс хэр ашиглаж байгаа вэ?

Хөрш орнуудын худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороотой хэрхэн уялдаатай ажиллаж байгаа вэ?

ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд өнөөдөр манай улсад учирч байгаа асуудлыг бид дэвшүүлж тавих боломж Үндэсний хорооны гишүүн бидэнд бий юү гэх зэрэг тодорхой санал санааг МҮХАҮТ дэргэдэх худалдааг хөнгөвчлөх тээвэр логистикийн зөвлөлийн дарга Б. Тэлэнгэд зорилтот диалогид оролцох үеэрээ дэвшүүлллээ. Энэ талаар Б. Тэлэнгэд даргын ярьсан дүгнэлтийг дараах линкээр орж сонсоорой.

Мөн МҮХАҮТ дэргэдэх худалдааг хөнгөвчлөх тээвэр логистикийн зөвлөлийн дарга Б. Тэлэнгэд хамтын ажиллагааны уялдаа холбооны талаар дүгнэлт, санал шийдлээ илэрхийлэв.

Тяньжин болон Замын Үүд боомтын чингэлгийн гацаа, түгжрэлээс харахад манайд гадаад худалдааны нэгдсэн бодлого, эрсдлийн менежмент удирдлагын тогтолцоо, талуудын хамтын үйл ажиллагааг зангидаж, зохицуулсан бодлого дутагдаж байна гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Худалдаа, ачаа тээврийн салбар нь ДНБ-ы өсөлтөд чухал үүрэгтэй улс орны хөгжлийн онцгой тулгуур билээ.

МҮХАҮТ дэргэдэх Худалдааг хөнгөвчлөх тээвэр логистикийн зөвлөлийн дарга Б. Тэлэнгэдийн дүгнэлт, алсын харааг хүлээн авна уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх — Нэг бодлого, нэгдмэл байдал

ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь хэрэгжиж байгаа улсуудын хөгжлийн ялгаатай байдлаас үл хамааран гадаад худалдааны харилцаанд эрх тэгш оролцох, ижил түвшинд өрсөлдөх, ижил горим журмаар ажиллах боломж олгодог.

Хурдацтай тархаж буй тахлын халдварыг хязгаарлах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь олон улсын эдийн засгийг дэлхийн хоёрдугаар дайны үеийнхтэй дүйцэхүйц түвшинд хүргэж байгааг салбарын шинжээчид мэдэгдэж байгаа.

Улс орнуудын засгийн газар энэ байдалд дүн шинжилгээ хийж, ийм цар тахал, хямралын үед хэрхэн бэлэн байх, эрсдлийн менежмент, удирдлагын тогтолцоог хэрхэн түргэн нэвтрүүлэх, талаар бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.

Мэдээж цар тахал хамгийн хүнд цохилт өгч байгаа салбаруудын нэг яах аргагүй худалдааны салбар. Дэлхийн худалдааны байгууллагын тооцооллоор, цар тахлын улмаас 2020 онд нийт худалдаа эргэлт дэлхий дахинд 13–32% буурсан. Үүнээс, Хойд Америк болон Азийн экспортод нэн хүнд цохилт үзүүлсэн гэжээ. Ийнхүү ажил орлого буурснаар эрэлт, үнэ цэн багасаж, тэр хэрээр үйлдвэрлэгчдэд хүнд дарамт үүссээр.

Нөгөөтэйгүүр, барааны хил дамнасан тээвэрлэлтэд тулгарч байгаа ачааны түгжрэл, хилийн хязгаарлалт, хүнсний ханган нийлүүлэлтийн саатал, өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр хураах, улмаар үнийн хөөрөгдөл үүсэх, барааны хомсдол гарах, ажлын байр хумигдах, өрхийн орлого эрс буурах, ядуурал ихсэх зэрэг чиг хандлага зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтэд нүүрлэж байна.

Энэ мэт цаг үеийн сорилтууд ковидын дараа гадаад худалдааг дахин сэргээх, худалдааны шинэ орчинд, шинэ дэгээр явах хэрэгцээ шаадлага урган гарч байгаа юм.

МҮХАҮТ — н бодлого, стратегийн газрын мэргэжилтэн Л. Цолмонтуяа “Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа “ зорилтот вэбинарт оролцож, ковидын үеийн сургамжаас суралцаж, ковидын дараа хэрхэн гадаад худалдааг хөнгөвчлөх талаар саналаа хуваалцсан юм. Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны гишүүдэд хандаж өгсөн мэргэжилтний зөвлөмжийг та дараах видео клипээс сонсоно уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Худалдааны яамтай болох

“Гадаад худалдааг хөнгөвчлөх хамгийн гол гарц шийдэл бол худалдааны яамтай болох, хуультай болох” гэж МҮХАҮТ-н дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга С. Сайнбат “Гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдол, алсын хараа” зорилтот диалогид оролцохдоо цохон тэмдэглэв.

Тэрээр, хэд хэдэн чухал дүгнэлт хийж, гадаад худалдааг хөнгөвчлөх хамгийн гол гарц шийдэл, арга замын талаар МҮХАҮТ байр суурийг илэрхийлэв.

МҮХАҮТ-н ахмад ажилтнууд өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайдад хандан, чөлөөт худалдааг нэгдсэн бодлогоор зохицуулах мэргэшсэн яамтай болох байр суурь илэрхийлсэн албан ил захидал илгээж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Уг ил захидалд “Дэлхийн банк, Олон улсын валютын сан, хандивлагч түншүүд уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэлээ нөөц бололцоондоо тулгуурлан хөгжүүлэх, экспортын шинэ эх үүсвэр бий болгоход анхаарахыг манай улсад зөвлөсөөр байгаа.

Гэтэл дэлхийн худалдаанд шинэ дэг тогтож, чөлөөт худалдаа хөгжиж буй үед манай улс худалдааны бодлого, зохицуулалтын тухай хуульгүй, тариф-худалдааны цэгцтэй бодлогогүй, төлбөрийн тэнцлийн асуудал засгийн газрын түвшинд зангидагдахгүй явж ирлээ. Судалгаанаас үзэхэд дэлхийн 205 улсын 195 нь худалдааны яамтай.

Худалдааны түнш орон бүртэй засгийн газрын түвшинд тохирох, ярилцах асуудал үргэлж байдаг. Уул уурхай болон бусад салбарын томоохон компани олон улсын зах зээлд IPO гаргаж гадаадаас хөрөнгө татах, байгалийн хийн транзит тээвэр гээд олон том, өргөн цар хүрээтэй асуудлыг шийдвэрлэхэд худалдааны яамны мэргэшсэн технократуудыг сонгож бэлтгэн тогтвортой ажиллуулах хэрэгцээ гарч ирж байна” гэх зэрэг бие даасан, мэргэшсэн бодлогын яамтай болох үндэслэл, ач холбогдлын талаар онцолжээ.

( Албан захидлыг та https://www.mongolchamber.mn/a/384 эндээс бүрэн эхээр нь үзнэ үү.)

МҮХАҮТ-н дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга С. Сайнбатын гадаад худалдааг хөнгөвчлөх талаар дэвшүүлсэн санаа, алсын харааг видео клипээс хүлээн авна уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Нэгдсэн эрсдлийн удирдлага

Г. Энхтайван (ГЕГ): “Мэдээллийг урьдчилж авах асуудал эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх системийн хамгийн гол зүйл. Мэдээлэлгүй бол эрсдэл тооцох, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлэх маш том асуудал одоо хүртэл тулгарсаар байгаа.”

ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7-р зүйлийн 4 -т гишүүн бүр гаалийн хяналтын зорилгоор эрсдлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх талаар хуульчилж өгсөн байдаг.

Тухайлбал, 4.2-т зааснаар Гишүүн бүр эрсдлийн удирдлагын загварыг бусдыг дур зоргоороо, эсхүл шударга бусаар ялгаварлан гадуурхах, эсхүл гадаад худалдааг далдуур хязгаарлах явдлаас зайлсхийсэн байдлаар гаргаж хэрэгжүүлнэ гэж тусгажээ.

Монгол Улсын засгийн газар худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг тасралтгүй, амжилттай хэрэгжүүлэхийн тулд яагаад нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь чухал юм, энэ системийг бүрдүүлэхийн тулд бидэнд юу саад болж байгаа, цаашид бид ямар алхам хийх ёстой, яагаад төрийн байгууллагын харилцан хамаарал, уялдаа холбоо, хөгжлийн тухай ойлголтын зөрүү тус хэлэлцээрийн хэрэгжилтэд одоо ч хамгийн том эрсдэл болж байгаа талаар салбарын эрсдлийн удирдлагын системийг хэрэгжүүлэхийн төлөө олон жил мэргэшсэн, гаалийн ерөнхий газрын, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Г. Энхтайваны тулхтай санал, санаа, шийдлийг та видео клипээс сонсоно уу.

Гадаад худалдааг хөнгөвчлөх- Үндэсний хорооны тогтвортой бодлого

Монгол Улсын Гадаад худалдааны Үндэсний хорооны гишүүн байгууллагын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бусад гишүүн байгууллагын нэгэн адил худалдааг хөнгөвчлөх бүхий л санал санаачлагад нэгдэж, идэвхитэй хамтран ажиллахад бэлэн. Өнөөдрийн вэбинарт оролцож, цар тахлын онцгой үед тулгарч байгаа эрсдэл, түүнийг хэрхэн даван туулж, дасан зохицох тухай паанелистүүдийн дэвшүүлж байгаа алсын хараа, дүгнэлттэй санал нэг. Энд яригдаж байгаа асуудал манай яамны хувьд ч ялгаагүй томоохон эрсдэл, сорилт.

Тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг Үндэсний хорооны бусад гишүүн байгууллагатайгаа харилцан уялдаатай хамтран ажиллах, гадаад худалдаанд учирч байгаа эрсдлийг тооцох, эрсдлийн нэгдсэн менежмент, худалдааны ил тод, шударга, ижил байдлыг нэвтрүүлэх, төрийн бодлого тогтвортой хэрэгжүүлэх замаар манай улс гадаад худалдааг хөнгөвчилнө.

А. Эрдэнэбат ахлах мэргэжилтний тойм яриаг дараах видео клипээс хүлээн авна уу.

=======================================

ЭНД ДАРЖ, ЦУВРАЛ ЭНИМЭЙШНИЙ БҮХ ДУГААР ҮЗНЭ ҮҮ: http://bit.ly/TFALONGANIMATIONS

ЭНД ДАРЖ, ЦУВРАЛ ЭНИМЭЙШНИЙ БҮХ ВИДЕО КЛИП ҮЗНЭ ҮҮ: http://bit.ly/TFASHORTANIMATIONS

ЭНД ДАРЖ, ДХБ-ын ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ЯРЬСАН САЛБАРЫН ИНФЛҮҮНСЕРҮҮДИЙН ВИДЕО ЯРИЛЦЛАГА ҮЗЭЭРЭЙ: http://bit.ly/TFAINFLUENCERS

ЭНД ДАРЖ, ДХБ-ын ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ЯРЬСАН САЛБАРЫН ИНФЛҮҮНСЕРҮҮДИЙН ЯРИЛЦЛАГА УНШААРАЙ: https://tfamongolia.medium.com/ (ikon.mn сайт болон өдөр тутмын Зууны Мэдээ сонинд нийтлэгдсэн болно)

=======================================

Энэ ярилцлага нь, ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр — Монголд” медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) ивээн тэтгэв. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар илүү их мэдээлэл хүсвэл энд дарж үзнэ үү. https://tfamongolia.medium.com/

========================================

Энэ контент Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр бүтсэн болно. Контентын агуулгыг зөвхөн GOPA бүрэн хариуцах ба Европын Холбооны үзэл санааг ямар нэгэн байдлаар тусгаагүй болно.

=======================================

Мульти-медиа нөлөөллийн ажлын загвар зохиож, хэрэгжүүлэгч Maxima Media www.maxima.mn

--

--